Зүүн Түрэгийн хожуу хаант улсын нэрт их хаадын нэг Могилян буюу Билгэ хаанд зориулж босгосон тахил шүтээний цогцолбор Улаанбаатараас өрнө зүгт 400 шахам км зайтай Архангай аймгийн Хашаат сумын нутаг Хөшөө Цайдамын бүлэг дурсгалын хамгийн эхэнд бий. Энэхүү дурсгал нь нуран эвдэрч хөрс шороонд дарагдсан байдлыг харахад өргөргийн дагуу байрласан 95х60 м хэмжээтэй хэрмийн далан мэдэгдэх ба түүний дотуур сувгийн хонхор ором, дунд нь гонзгой уртавтар төвгөр шороон дов бий. Дэвсгийн зүүн хэсэгт, цагаан өнгийн чулуугаар хийсэн яст мэлхийн нуруу хөрснөөс цухуйж харагдах бөгөөд дэргэд нь гурван хэсэг болон хугарсан бичигт хөшөөний үлдэгдэл газарт хэвтэнэ. Хөшөөний өндөр 345 см, өргөн 174 см, зузаан 75 см бөгөөд их хаадын хөшөө дурсгалд нэгэнт тогтсон уламжлал ёсоор оройг нь эвхэрсэн луугийн дүрсээр чимж нэг талд нь руни, нөгөө талд нь нангиад бичээс сийлжээ.
Уг хөшөөний ойр тойронд, толгой гарыг нь хуга цохиж ихэд эвдэрсэн хэдэн хүн чулууны үлдэгдэл буйн дотор цагаан гантигаар тун уран чадварлаг урласан эр, эм хүний завилан суугаа хөрөг байдгийг судлаачид Билгэ хаан, түүний хатан хоёрын дүрс болов уу гэж үздэг. Энд мөн сөхрөн суугаа хүний нэг жижиг дүрс, ихэд эвдэрч гэмтсэн чулуун арслангийн үлдэгдэл бий. Эдгээр нь цөм анхны байрлалаа алдсан бөгөөд гагцхүү хөшөөний яст мэлхийн дүрст суурь нь газарт булаастай анхны байрлалаараа байгаа бололтой. Цогцолбороос зүүн зүг дэхь балбал-зэл чулуун эгнээ гурван км орчим зайд үргэл¬жилдэг байна.
Билгэ хаан 734 оны арван нэгдүгээр сарын 25-нд нас барсан агаад дараа жилийн зургадугаар сарын 22-нд тахилгын сүм барьж гэрэлт хөшөө босгожээ. Хөшөөний бичээсийн нэгдүгээр хэсгээс 3-24-р мөр хүртэл, хоёр дугаар хэсгээс нэгээс есдүгээр мөр хүртэл найман мөр Күль-Тегины бичээстэй үг утга, найруулга бараг тохирдог байна. (Ч.Амартүвшин)